Монгол Улс, Улаанбаатар хот (2024 оны 1 дүгээр сарын 11) — Монгол Улсын аймаг, сумдын хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатны 168.2 ам.доллартай тэнцэх зээл, буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Энэхүү хөтөлбөр нь нутаг дэвсгэрийн ногоон хөгжлийг дэмжин, хот-хөдөөг холбон хөгжүүлэх загварыг бий болгоно” хэмээн АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Коулин хэлээд “Ингэснээр аймаг, сумдын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих төрөлжсөн хөдөө аж ахуйн бизнесийн төв болгох зорилготой юм” хэмээн тодруулав.
Монгол Улсын газар нутгийн 82 хувийг эзэлдэг бэлчээр нутагт даац хэтэрсэн, тогтвортой бус менежментийн дадлыг ашигласан зэргээс үүдэн устах аюул нүүрлээд байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эмзэг бэлчээр нутгийн үр шим доройтож, малчид байгалийн гамшигт өртөх эрсдэл нэмэгдсэн.
Эхний ээлжинд Монгол Улсын баруун бүсийн аймгуудад хэрэгжих Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь малчдын бүлгийг дэмжин, тэднийг чадавхжуулах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай, тогтвортой бэлчээрийн менежментийг хэрэгжүүлнэ. Мөн хотын үйлчилгээгээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай шийдлүүдийг дэмжсэнээр аймаг, сумдын төвийг амьдрахад таатай, хөдөө аж ахуйн ногоон бизнесийн нэмүү өртгийн сүлжээний төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээнүүдэд хүрэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хүрээнд бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн санг байгуулах юм. Уг сан нь хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн уур амьсгалд түшиглэсэн олон талт санхүүгийн механизм болон институцийг бий болгоно.
АХБ, Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо болон Уур амьсгалын ногоон сангаас хамтран санхүүжүүлж буй энэхүү хөтөлбөрийн нийт өртөг нь 735 сая ам.доллар юм. Үүнээс 3 сая ам.долларыг АХБ-ны хамгийн ядуу, эмзэг, хөгжиж буй гишүүн орнуудад буцалтгүй тусламж олгодог Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 2033 он хүртэл хэрэгжинэ.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.